| УИХ-ын "Амьгүй албатууд" |
УИХ өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөл хэлэлцсэн. Энэ нь гишүүн Н.Батбаярын хэлсэнчлэн Монгол Улс орших уу, эс орших уу тухайн асуудал байв. Асуудлын ач холбогдол, хэмжээ далайц энэ үгээр илэрхийлэгдэнэ.
Эх орны хувь заяаг
тодорхойлох хэмжээний ийм асуудлыг хэлэлцэхэд эрхэм гишүүдийн олонхи нь
харин байсангүй. Хууль хэлэлцэх нь төрийн энэ институтийн үндсэн үүрэг.
Харамсалтай нь гишүүд хуулиар хүлээсэн үүрэгтээ өөрсдийн дур зоргоор
ханддагийн бэлээхэн жишээ гэвэл энэ.
Энэ өдрийн
хэлэлцсэн асуудлаар санал хураах болоход гишүүдийн тоо хүрэлцэх
хэмжээнд байсангүй. Тэнд ердаа арав гаруйхан хүн суугаа харагдсан.
УИХ-ын дарга
Д.Дэмбэрэл "Чухал асуудал хэлэлцэж байхад гишүүд хааччихав. Гишүүдийг
танхимд уръя" гэлээ. Ийн урилга заллага болсны эцэст уван цуван арай
хийж 25 гишүүн танхимд орж ирсний дараа хэлэлцсэн асуудлаар санал
хураав. Гэтэл самбар дээр 48 гишүүн санал өгсөн хэмээн гарч харагдана.
Учир нь хурал тасалсан нөхдийнхөө өмнөөс үлдсэн хэд нь давхар санал
өгдөг дадал УИХ-д аль эртээс амь бөхтэй оршиж иржээ. Түүний үргэлжлэл
нь энэ удаа ингэж илэрч байгаа хэрэг. Иймэрхүү юмыг жирийн амьдралд
"халтуурдах" хэмээн нэрлэдэг. Харин хууль батална гэдэг халтуурдахын
аргагүй хариуцлагатай ажил байлтай.
Гишүүдийнхээ энэ
мэт ёс бус үйлдлийн эсрэг шаардлага тавьж, асуудлын ач холбогдол, ажил
хэргийн сахилга хариуцлагыг хангуулах нь Их Хурлын эрхэм дарга
Д.Дэмбэрэлийн төрийн өмнө хүлээсэн нэг үүрэг байх. Гэтэл гишүүн
Н.Батбаярын гишүүдээ хуралд оролцуулмаар байна гэсэн шаардлагын хариуд
"Гишүүд өрөөндөө байгаа байх. Харин телевизээр харж байна уу үгүй юу"
хэмээн өмөөрөх өөгшүүлэхийн аль нь мэдэгдэхгүй өнгө төрхөөр хандаж
сууна билээ.
Бусдын өмнөөс санал
өгдөг, эсвэл хурлаа тасалдаг иймэрхүү ёс бус бусармаг хандлага Их
Хурлынханд бугшаад удаж байна. Энэ нь эцэстээ төрийн хэргийг гацаанд
хүргэх гайтай. Аливаад хариуцлагын тогтолцоо гэж байх ёстой. Аль нэг
албан газрын албан хаагч ажлаа тасалсан бол үгүйдээ нэг өдрийнхөө
цалингаар торгуулна. Дахин дахин давтвал ажлаасаа халагдана. Хууль
журам нь ийм.
Гэтэл үг яриа, үйл
хөдлөлөөрөө үлгэр жишээ болж байх учиртай эрхэм гишүүдэд хурлаас
хоцрох, тасалсан тохиолдолд арга хэмжээ авах хуулийн заалт, хариуцлагын
тогтолцоо гээд байх юм байдаггүй ажээ. Ер нь анзаараад байхад
өөрсдийгөө хариуцлагаас бүрэн чөлөөлсөн хүмүүс бол Их Хурлынхан юм
байна. Халдашгүй байдал гэдгээ хариуцлагаас чөлөөлөгдлөө гээд
ойлгочихсон юм биш биз.
Хууль эрх зүйн ийм
"хөнгөлөлт" нь тэднийг ажил хэрэгтээ дур зоргоор хандаж, намайг хэн юу
гэхэв гэсэн сэтгэлгээгээр хандахад хүргэдэг бололтой. Суудлаа олоогүй
олон хүн Их Хуралд сонгогддог нь энэ мэт явдлаар харагдаж байна.
Аливаад, тэр дундаа
түмний хэрэг, төрийн түшээд ёс зүйтэй байх учиртай. Ёс суртахуун гэдэг
тухайн бие хүний зан төлвөөр илэрхийлэгддэг. Хэрэв ийм хэмжүүрээр авч
үзвэл өнөөгийн эрхэм гишүүдийн хэд нь ажил хэрэгтээ эзэн болж байдаг
бол. Хуралд ирсэн нь ч, тасалсан нь ч ялгаагүй. Ирээгүй нэгийнхээ
саналыг "хулгайлж" өөрийн ая таалалд нийцүүлэн кноп дардаг, эсвэл
төрийн энэ өндөрлөгт сонгогдсон хэрнээ сонгогч олны итгэл дээр тоглож,
"амьгүй албат"-ын үүрэг гүйцэтгэж байгаа тэднийг зөвтгөх, зөөллөх хэрэг
огтхон ч байхгүй.
Тайлбарууд.
(0)
|
| < Өмнөх | Дараах > |
|---|





